Үндэсний их баяр наадам 24 хоногийн дараа эхэлж, газар газрын хүчтэнгүүд зүлэг ногоон дэвжээнээ чуулан ид хаваа гайхуулан барилдана. 512 бөх зодоглох өнөө жилийн наадамд 2021 оноос хойш допингийн зөрчил гаргасан долоон бөхөөс дөрвийг нь барилдуулахгүй, үлдсэн гурвыг нь барилдуулах нь.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадам буюу өнгөрсөн жилийн наадмаар дөрөв давсан улсын харцага Т.Бэгзсүрэн, болон Цагаан сарын барилдаанд улсын арслан Э.Оюунболд, мөн явцын үед допингийн шинжилгээ авахад хоёр бөхөөс допинг илэрсэн. Тэд энэ наадамд барилдах нь хориотой. Юу гэвээс, допинг давтан хэрэглэсэн Э.Оюунболдын барилдах эрхийг урт хугацаагаар хасаж магадгүй бөгөөд тэрбээр наадмаар ахин барилдахгүй болох шинжтэй.
Тэгвэл ноднин жилийн наадмаар начин цолны даваанд унасан харцага Т.Бэгзсүрэнгийн барилдах эрх дараа жилийн наадмын дараа сэргэх бөгөөд тэрбээр нутгийнхаа түүхт 100 жилийн ойд ч барилдах нь хориотой. Сүүлд заалны барилдааны үеэр допинг илэрсэн гэх хоёр бөхийн нэрийг зарлаагүй бөгөөд наадмаас өмнө тодорхой шийдвэрт хүрнэ байх. Ингээд дээр хэлсэнчлэн улсын цолтой дөрвөн бөх 512 хүчтэний тооноос хасагдаж байна.
Тэгвэл хоёр жилийн өмнө Залуучуудын байгууллагаас зохион байгуулсан барилдаанд Э.Оюунболдыг эс тооцвол аймгийн цолтой гурван бөх болох аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг сэргээсэн байна. Тэд их азтай. Яагаад гэвэл өнгөрсөн жил тэгш ойн баяр наадмын өмнө “Допингийн эсрэг үндэсний журам” Засгийн газраар батлагдаагүй гэх шалтгааны улмаас барилдуулж байгаа юм. Допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг тэгж сэргээсэн юм. Тэгэхээр дээрх гурван бөх энэ наадмаар барилдах боломжтой.
Сэтгэгдэл (4)