Увс аймгаас Улаанбаатар хүртэл 1350 км. Алс баруун хязгаараас улсын нийслэл Улаанбаатар хот хүртэлх энэ хол зайг унадаг дугуйгаар М.Зоригоо ахлагчтай Увс нутгийн найман дугуйчин дөрөө харшуулан амжилттай ирж явна. Унадаг дугуйгаар туулахад бол амаргүй зай. Багийн хамгийн залуу гишүүн 20 настай бол ахмад нь 80 настай Д.Жанжив гуай.
Тэд өдөрт дунджаар 130-140 км замыг туулсаар өчигдөр Улаанбаатараас 216 км-ын зайд орших Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт ирсэн байна.
Найм хоногт Увсын дугуйчид мянга гаруй км-ыг ардаа орхисон нь бахдууштай. Увсын дугуйчид 1995 онд Увсаас Улаанбаатар руу унадаг дугуйгаар амжилттай ирсэн удаатай. Унадаг дугуй агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, автомашинаас олон давуу талтай гэдгийг олон нийтэд сурталчлах зорилго дор ийн нэгджээ.
80 настай дугуйчин энэ бэрх замыг ажрахгүй туулсан нь тэмдэглүүштэй, тэдний аян замд Солонготын даваа, Цагаан даваа зэрэг огцом өндөр уул даваа олон таарах билээ.
А.Болд