Олимп хаяанд ирж хаалганд туллаа. Гэтэл манай улсын спортын төв байгууллага болох Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын суудал эзэнгүй зургаа дахь сартайгаа золгож байна. Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 11-ий өдрийн хуралдаанаар өмнөх дарга Д.Жаргалсайхан ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны даргын сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацааг зургадугаар сарын 9-14-нд хүлээн авсан байна.
Өчигдөр хугацаа нь дуусахад сонгон шалгаруулалтад таван хүн нэр дэвшсэн байна. Тухайлбал, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга бүртгүүлсэн бөгөөд тэрбээр салбартаа арай туршлагатай нь, дүүргийн БТСХ-ноос ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн. Эхний хүн нь энэ.
Тэгвэл дараагийнх нь БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт. Тэр тус хорооны хаалгыг 2016 онд тогшиж, удалгүй удирдах албан тушаалд томилогдсон бөгөөд энэ салбарт долоо дахь жилдээ ажиллаж байна.
Гурав дахь хүн нь Б.Баттүшиг. Тэрбээр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороог хоёр жил удирдсан, ямартаа ч спортын салбарыг гадарлахтайгаа. БТСУХ-нд хүртэл мэргэжилтэн хийж явсан ч гэдэг.
Дөрөв дэх нь Д.Жаргалсайхан. Тэр Ковидын хуулийн буянаар тус байгууллагыг өнгөрсөн оны дунд үеэс зургаан сар орчим удирдсан, 2016 онд бас тус байгууллагыг зургаан сар удирдаж үзсэн. Салбартаа сайн нэргүй түүнийг “Голомт”-ын Д.Баясгалангийн ойрын хүн гэх.
Сүүлийнх нь Н.Оюунбат. Биеийн тамир, спортын салбарт түүн шиг олон жил ажилласан хүн тун ховор. Энэ салбарын гадаад бодлогыг түүнээс өөр хэн сайн мэдэх билээ. Саяхан болсон уран гулгалтын шоу арга хэмжээг эх орондоо зохион байгуулах их үйлсэд оруулсан хувь нэмэр түүнтэй салшгүй холбоотой.
Шаардлага хангах хүнийг эдгээрээс олох хэцүү боловч олимпын наадам хаяанд ирсэн энэ үед спортын салбарыг эзэнгүй зургаан сар байлгана гэдэг эмгэнэл. Яаралтай тус салбарыг хариуцах эзэнтэй болгож, баг тамирчдын эрх ашиг хөндөгдөж буй олон асуудлыг цэгцлэх хатан ухаан энэ салбарт үгүйлэгдэж байх шиг. Шалгалт авах өдөр нь ирэх даваа гараг юм билээ.
А.Болд
Сэтгэгдэл (2)