АНУ-ын Калифорни мужийн шатрын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болоход Америкт ажиллаж амьдардаг Монголын шатарчин, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Уянга дөрөв хожиж, нэг хожигдолтойгоор дэд байрт орлоо. Тэр өмнө нь энэ тэмцээнд хоёр удаа (2016, 2017 онд) түрүүлж байв. Тэмцээний аваргуудын нэрсийг цом дээр бичиж алдаршуулдаг аж. Б.Уянга нь АНУ-ын Төв банкинд ахлах шинжээчээр ажилласан бөгөөд өдгөө Калифорнийн их сургуульд эдийн засгийн доктороор суралцаж буй юм. Нэмж хэлэхэд тэрбээр 2011 онд дэлхийн шатрын холбооны мастер цолоо хамгаалж, Америкийн бага сургуулиудад шатрын багшаар ажиллаж байсан байна.