Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/, Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ноос зохион байгуулдаг жүдогийн дэлхийн цуврал тэмцээний нэг, олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2023” тэмцээнийг энэ сарын 23-25-нд зохион байгуулна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь жилдээ зохиогдох гэж буй энэхүү тэмцээн өнгөрсөн жил 2024 оны Парисын олимпын эрхийн оноог албан ёсоор 50% олгож салхи хагалж байсан бол энэ жил олимпын оноог 100% олгохоороо онцлогтой.
Одоогийн байдлаар уг тэмцээнд Япон, Австрали, Франц, Өмнөд Солонгос, Казахстан, Герман зэрэг 44 улсын 153 эрэгтэй, 128 эмэгтэй нийт 281 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Өмнөх жилийн “Улаанбаатар их дуулга – 2022” тэмцээнд нийт 30 улсын 265 тамирчин оролцож байсан бол оролцогчдын тоо жилийн дотор ийнхүү эрс нэмэгдсэн нь манай тэмцээний үнэ цэн, ач холбогдол хэрхэн дээшилснийг харуулж байна. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга -2023” тэмцээн болоход 10 хоног үлдсэн байна.
Зохион байгуулагч орон нэг жинд дөрвөн бөх оруулж болох тул манай шигшээ багийн 56 тамирчин өнгөрсөн жил өрсөлдсөнөөс нийт 11 медаль хүртсэн билээ. Үүнээс хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдсэн юм. Манай тамчирчдаас Б.Эрхэмбаяр (66 кг), Л.Энхрийлэн (57 кг) нар жиндээ түрүүлсэн бол Г.Сод-Эрдэнэ (66 кг), Ц.Цогтбаатар (73 кг), Г.Наранцэцэг (48 кг), А.Адъяасүрэн (78 кг) нар мөнгөн медаль хүртсэн бол Э.Сумъяабазар (60 кг), Ё.Басхүү (66 кг), Б.Хорлоодой (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) нар хүрэл медалиар энгэрээ мялааж байв.
Сэтгэгдэл (1)