Наадам айсуй. Яг нэг сарын дараа Улсын баяр наадамд тав болон түүнээс дээш давж цол, чимэг хүртсэн бөхчүүд амжилтаа үнэлүүлэхээр Уяачдын наадамд ирсэн байна. Энэ тоонд багтах хүчтэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр юм. Тэрбээр есөн жилийн өмнө сумын заан цолтойгоор Улсын баяр наадмын өсвөр үеийнхний барилдаанд хүч үзэн үзүүрлэж, “Улсын шандас” цол хүртэн бөхийн замд эргэлт буцалтгүй оров. Даян аварга Н.Батсуурийн анхны түрүүгээ авсан наадам юм.
Таван аварга зодоглосон тэр жилийн наадамд түрүүлэх боломжоо “салхинд хийсгэсэн“ ч Н.Өсөхбаяр алдаанаасаа суралцаж, дараах гурван жил нь үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд завсаргүй түрүүлэн бөхийн мэргэжилтнүүдээс онц дүн авах нь тэр.
Түүний өвөө аймгийн хурц арслан Тавхайн Гомбо нь 1957 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн хүчтэн. Н.Өсөхбаяр 2017 онд Дархан-Уул аймагт болсон үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медалийн тоогоо дөрөв болгосон юм. Тэр жил 19 настай Н.Өсөхбаяр нутгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага цол хүртэв. Шахаж татах мэхийг бол “амьдаа аварга” шигээ сурцтай хийдэг. 2018 оны Сүхбаатар аймгийн наадамд аймгийн заан М.Гансүхээр найм давж аймгийн арслан болсон тэр жилийн Улсын баяр наадамд Н.Батсуурь хоёр дахиа түрүүлж, аварга болж байв.
Даян аварга Н.Батсуурийг түрүүлсэн он жилүүдэд онцгой сайн барилдсан байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ойн тэгш ойн наадмаар даян аварга Н.Батсуурьтай түрүү булаалдан үзүүрлэж байлаа. Урд өдөр нь аймгийн цолтой бөхийн барилдаан зохион явуулахад төвөггүй түрүүлж байна билээ. Түүний бөхийн зам тэгш байгаагүй. 2020 онд П.Бүрэнтөгсийг аварга болдог наадмын хоёрын даваанд Говь-Алтайн Б.Хишигбаатарт унасан. Бэртэл гэмтэлтэй байсан тэрбээр бэлтгэлээ олигтой хийж чадаагүй наадамд зодоглосон гэдэг.
Жилийн өмнөөс бэртэл нь эдгэрч, бэлтгэл нь жигдэрээд байгаа ба өнгөрсөн жил “Хэвийн боовны баяр”-т зориулсан барилдаан болон аймгийн арслан Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлж, Дотоодын цэргийн 100 жилийн ойн улс, аймгийн цолтны барилдаанд их шөвөгт шалгарсан амжилтаас харвал бэлтгэл сургуулилт нь жигдэрчээ.
Шахаж татах мэхээ бол хорьсон, хориогүйд ч хийж байна. Түүнийг ноднин жил Улсын цол авна аа хэмээн олон хүн итгэл хүлээлгэсэн боловч хоёрын даваанд Баянхонгорын арслан Ч.Алтангэрэлд тахим буулгасан нь харамсалтай. Цол авах бөхийн тоонд гарцаагүй байсан тэрбээр Бар жилийн барцадаа ингэж гаргасан юм. Наадмын дараа Хүй долоо худагт болсон “Хүрээ цам” Даншиг наадамд тав давж даншигийн начин цол авсан. Улсын начин цолны энтэй бөх гэдгээ тэгж харуулсан.
Тэгвэл өнөө жил онцгой сайн байгаа бөгөөд Туулай жилийн Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Сүхбаатарчууд Цагаан сарын барилдаанд одтой гэдгийг нотлон харуулсан. Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойн улс, аймгийн цолтны барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагвыг давж түрүүлсэн юм. Тэр энэ жил улсын цол авах бөхийн нэг, цолонд нэг хүрээд авбал хэдийн даваанд ч гарч мэдэх хүчтэн. Алтан овоо ивээж, аварга П.Бүрэнтөгс шиг аймгийн арслангаас улсын арслан цолонд хүрэхийг хэн мэдлээ.
А.Болд
Сэтгэгдэл (3)