Энэтхэгийн бөхийн холбооны тэргүүн, улс төрч Бриж Пушан Сингхийг шүүх цагдаагаар шалгуулж шийтгэх, холбооны удирдлагыг огцруулах шаардлага тавьж бөхчүүд суулт зарласнаас хойш таван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Парламентийн гишүүнээр зургаан удаа сонгогдсон Пушан болон түүний намынхан дээрх шаардлагад хариу өгөхгүйгээр өнөөг хүргээд байна.
Пушан нь 2012-2022 оны хооронд эмэгтэй бөхчүүдэд бэлгийн дарамт үзүүлж ирснийг долоон эмэгтэй бөх гэрчилж, мэдүүлэг өгсөн аж. Эсэргүүцлийн суултанд олимп, дэлхийн медальт Бажран Пуниа, Сакши Малик, Винеш Погат зэрэг шилдгүүдээр тэргүүлүүлсэн 30 гаруй бөх оролцож буй.
Асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол Энэтхэгийн бөхчүүд "Ханжоү-2022" Азийн наадамд оролцохгүй гэдгээ ч эрс илэрхийлж байгаа юм.