Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 16 клубийн 130 орчим тамирчин оролцсон бөгөөд олон улсын эрхтэй 14 шүүгч ажиллажээ. Энэ жилийн хувьд нийслэлийн есөн дүүргээс гадна 21 аймгийн тамирчид нээлттэй оролцож байгаагаараа онцлог юм.
Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдгүүдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах нар шагнал гардуулсан юм. Мөн энэ үеэр хоёр шилдэг тамирчинд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” гардуулав.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө ярихдаа, "Спорт бүр өөр өөрийн онцлог, дүрэм, давуу талтай байдаг. Ширээний теннис сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжлийн гол тулгуур нь ширээний теннисний холбоодын нэгдэл, багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчид та бүгд юм шүү.
Нийслэлийн зүгээс энэхүү тэмцээнийг жил бүр дэмжин, уламжлал болгон зохион байгуулна. Энэ жил Улаанбаатар хотноо ширээний теннисний Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн, мөн Зүүн Азийн залуучуудын наадам болно.
Тиймээс та бүхэн бэлтгэлээ сайн базааж, эдгээр тэмцээнд амжилттай оролцоорой. Улс орныхоо нэрийг тив, дэлхийд алдаршуулах хамгийн гол хүн бол тамирчид та бүгд юм шүү" гэв.
Ирэх зургадугаар сарын 18-23-нд Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болох аж. Мөн наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах юм. Энэ удаагийн хотын аварга шалгаруулах тэмцээнийг Азийн томоохон наадмуудын өмнө зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд тамирчдын хувьд сорил, бэлтгэл болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.
Ташрамд, 1994 оноос хойш 22 жил завсардаад байсан тус тэмцээнийг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа. Тэмцээнийг 10 хүртэлх насны таван ангилал, өсвөрийн насны /11-12, 13-15, 16-18 нас/ гурван ангилал, залуучуудын төрөл буюу 18-40 нас, ахмадын насны /40-49, 50-59, 60-69, 70-аас дээш нас/ дөрвөн ангиллаар зохион байгуулдаг. Тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Ширээний теннисний холбоо хамтран зохион байгууллаа.
Эх сурвалж: Нийслэлийн Биеийн тамир, спортын газар