“Захчины түүх, шашин, өв соёл”-ын Олон Улсын эрдэм шинжилгээний хурал зургадугаар сарын 9-ний өдөр Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдэд боллоо. Энэхүү олон улсын хуралд Унгар, Чех, Орос, Хятад, Монгол гэсэн таван улсын эрдэмтдийн Захчин судлалаар хийсэн 16 судалгааны илтгэл хэлэлцүүлэв.
Мөн энэ үеэр Ховд аймгийн Манхан сумын харъяат, МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, дэд профессор Э.Пүрэвжав агсны ном, бүтээлийн үзэсгэлэнг охин П.Соёлмаатай хамтран гаргасан бөгөөд мөн “Их Захчид” төслийн хүрээнд Захчины шашины өв соёлыг сэргээх чиглэлээр хийгдсэн ажлуудын тайлангийн үзэсгэлэн, Захчин сумуудад байгаа биет болон биет бус өв соёлын үзэсгэлэн дэлгэгдэж түмэн олонд хүрчээ. Түүнчлэн Баруун монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан Л.Тэрбиш, Ц.Өнөрбаян, Ж.Энэбиш, На.Сүхбаатар, Ч.Туулцэцэг болон Э.Пүрэвжав агсны хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлжээ.
Тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гурван илтгэл хэлэлцүүлж, оролцогчид, хурлыг зохион байгуулагчдаас асуулт асууж, санал бодлоо ярилцав.