Архангай аймгийн Хотонт сумын түүхт 100 жилийн ой, ах дүү гурван начны "Удмын бахархал" хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан зургадугаар сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд болно. Уг хүндэтгэлийн барилдаанд тасалбар авсан хүмүүсийн дунд аз тодруулж, бөхийн зодог шуудаг, нум сум, хурдан удмын адуу гардуулах юм байна. Нэгэн гэр бүлээс гурван улсын цолтон төрнө гэдэг ховор тохиол.
Энэ амжилтын эзэд бол Архангай аймгийн Хотонт сумын уугуул Цэвээнжавын хүүхдүүд болох Юүвээ, Ванчигцэрэн, Дуламсүрэн нар юм.
Тэд үндэсний бөхийн улсын харцага, начин цолыг зургаа, зургаан жилийн зайтай хүртэж байв. Тодруулбал, Ц.Юүвээ нь 1970 оны наадмаар улсын арслан Ж.Чойжилсүрэнгээр зургаа давж харцага, Ц.Ванчигцэрэн нь 1976 оны наадмаар аварга Ч.Бээжингээр тав давж начин, Ц.Дуламсүрэн нь 1982 оны наадмаар улсын заан Ч.Гочоосүрэнгээр тав давж начин цолонд хүрсэн билээ.