Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаар Монгол, Хятадын эрдэмтэн, судлаачид хамтарсан хээрийн судалгаа хийжээ. Монгол Улсын ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ын Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнтэй “Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь: Монголын тэгш өндөрлөг дэх Хятад, Монголын бүс нутгийн жишээн дээр” хэмээх гадаадтай хамтарсан төсөл болон Глобал өөрчлөлтийн судалгааны Ази-номхон далайн (Asia-Pacific Network for Global Change Research) хамтын ажиллагааны байгууллагаас санхүүжилттэй “Strengthening Local Adaptation Plan Through Integrating Socio-Economic Vulnerability Assessment and Policy Gap Analysis in Mongolia and China” ОУ-ын төслийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Энэхүү хамтарсан судалгааны төслийн хүрээнд Монголын ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнийн захирал доктор А.Дашцэрэн, тус хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн салбарын дарга доктор М.Алтанбагана болон тус салбарын судлаачид 2023 оны 5 дугаар сард БНХАУ-ын ШУА-ын Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнд судалгааны төслийн явцын үр дүнгээр хамтарсан хурал зохион байгуулж, Өвөрмонголын бүс нутгийн мал аж ахуй, үйлдвэрлэлтэй танилцаж, хамтарсан хээрийн судалгааны ажил гүйцэтгэжээ.
Хамтарсан судалгааны зорилго нь Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орны хөдөөгийн иргэдийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны эмзэг байдлын үнэлгээ хийх, орон нутгийн түвшинд дасан зохицох арга замыг тодорхойлж, улмаар БНХАУ-ын Өвөрмонголын Шилийн Гол болон Улаанцав аймгийн малчин өрх, бэлчээрийн зохион байгуулалт, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай харьцуулан судлахад оршино.
Монгол-Хятадын эрдэмтэн, судлаачид Өвөрмонголын Шилийн гол аймгийн орон нутгийн байгаль орчин, цаг уур, мал аж ахуй, газар тариалангийн товчооны мэргэжилтнүүдтэй уулзаж, тус аймгийн өнөөгийн байдал, уур амьсгалын өөрчлөлт, малчдын амьдралын талаар мэдээлэл авчээ. Мөн Шилийн гол, Улаанцав аймгийн малчид, хонь, үхэрийн ферм, сүү махны үйлдвэр, айрагны боловсруулах үйлдвэр, мал эмнэлэг, хадлан тэжээлийн агуулах болон зах, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн компанитай танилцав.
ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнийн Нийгэм, эдийн засгийн салбарын дарга доктор М.Алтанбагана ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургуульд “Уур амьсгалын өөрчлөлтөд нийгэм, эдийн засгийн эмзэг байдал, дасан зохицох бодлогын асуудал” сэдвээр лекц уншиж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Эх сурвалж: ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнийн Нийгэм, эдийн засгийн салбар