Архивын ерөнхий газраас Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөрт зориулан Монгол Улсад мал эмнэлэг байгуулах тухай нэгэн түүхэн баримтыг цахим хуудастаа дэлгэжээ. Тэрхүү нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Төв Азийн тал нутагт мал аж ахуй 40 000 шахам жилийн тэртээ үүссэн хэмээн эрдэмтэд үздэг бөгөөд үүнийг дагаж малыг эмчлэн эдгээх мэргэжилтнүүд буй болсон нь дамжиггүй.
Хожим Хүннү гүрний үеийн эртний нанхиадын сударт Монголчууд малын хүйтэн өвчнийг төөнөх, халууныг ханаж хатгадаг тухай, Сяньбийн үед өвдөж зовсонд агь шатааж утах, чулуу халааж төөнөх, өвчилсөн эрхтэнийг ханаж цус гаргах, домнох зэрэг олон аргаар эмчилдэг байсан нь XVII зууны үед Хятадад нэвтэрч байжээ.
Нүүдэлчин монголчууд XIX зууны сүүлч хүртэл мал арчлах, өсгөж үржүүлэх, тарга хүч авахуулах, өвчилж гэмтэхээс хамгаалж сэргийлэх зэрэг эмчлэх олон хууль, дүрэм, журам гарч байсан байна. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг байгаагүй бөгөөд ХХ зууны эхэн үеэс Хаант Орос улсын малын эмч нарын туслалцаатайгаар мал эмнэлгийн анхан шатны ойлголттой болж эхэлсэн.
Баримт №-1 Зураг 1.
Үндэсний төв архивын сан хөмрөгт Төв Азийн нүүдэлчдийн мал аж ахуйн уламжлал, Манж Дайчин улсын үеийн мал аж ахуйн байдал, Ардын Засгийн эхэн үед явалдсан хүн ам, мал, хөрөнгийн тооллогын зарим материал зэрэг үлэмж хэмжээний баримтууд хадгалагдан буй. Энэ удаа бид тэдгээр архивын баримтууд дотроос Зөвлөлт Орос Улстай хамтран мал, элдэв гамшигт өвчнийг сэргийлэн хамгаалах эмнэлэг байгуулахаар тогтсон тухай нэгэн түүхэн баримтыг танилцуулж байна.
Хөрвүүлсэн нь:
“Олноо өргөгдсөний арван гуравдугаар он арван хоёр сарын шинийн арван бөгөөд европын нэг сарын арван нэгний өдөр . Ардын Засгийн газраа хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон тавин хоёр /52/ дугаар хурлын бичиг.
Долоодугаар зүйл. Мөнхөөхэн Ардын Засгийн Гадаад явдлын яамнаас Оросын Элчин сайдын газраас хоёр улсын нутагт харилцан нэвтрэлцэх мал, элдэв гамшиг өвчнийг сэргийлэн хамгаалах явдлыг түргэлэн бүтээхүйд харилцан зөвлөлдөж, найртай сайнаар хавсран оролдвоос тустай болох зэрэг учрыг тайлбарлан дурдаж, Малын эмнэлэгийн тухай төлөвлөсөн гэрээ зүйлийг хүргүүлэн хянан үзэж, хэрхэн учрыг хариу ирүүлмү хэмээсэн нэгэн хэргийг харьяат яамнаас уг хэргийг түүгээр лавлан тогтоолгох зэргээр гүйцэтгэн шийтгүүлэхээр эрхлэх газраа шилжүүлэн явуулсанд, эдүгээ Дотоод явдлын яамнаас эл төлөвлөсөн гэрээний доторх зарим зүйл ангийг бага сага залруулан засамжилж зөвшөөрөв хэмээн уг гэрээ зүйл хүргүүлэн ирсэн үүнд, харьяат хоёр улсын хязгаарт энэхүү эмнэлэгийн тухай гэрээ тогтоох нь зүйтэй мэт боловч аливаа хязгаарын дотор маймаалах монголчуудад хохиролтой, боогдолтой зүйл буй мэт бөгөөд татгалзлалтай тул хэрхвээс зохихыг тогтоому хэмээн уг гэрээ зүйлийг дагуулан лавлан ирсэн тухайд манай Засгийн газраас төлөвлөсөн гэрээ дотор залруулан засах зэрэг зүйл буй, үгүйг сайтар хянан шүүмжлэн хэлэлцэж, ирүүлэхээр зохих газар явуулсанд, эдүгээ Ардын Намын Төв Хорооноос уг хэргийг харьяат хорооны тэргүүлэгчид хуралдсан дөчин тав /45/ дугаар хурлын дөрөвдүгээр зүйлд хэлэлцээд уг гэрээг нэмэх, хасах зэргээр бага сага залруулан засамжилсныг тусгай сийрүүлэн бичиж тогтоон шийтгэмү хэмээн ирснийг хэлэлцээд, эл гэрээг одоогийн засамжилсан ёсоор зохих газар лугаа хэлэлцэж, хэрхэн тогтоохоор хэлэлцсэнийг тухайд батлуулан гүйцэтгэх зэрэг явдлыг Гадаад яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов.
Ерөнхий сайд Цэрэндорж
Зөвлөх түшмэл Элбэгдорж
Нарийн бичгийн дарга Баваасан
Цааз хууль эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэл Найдансүрэн
Хянан байцаах хэлтсийн эрхэлсэн түшмэд Цэдэн-Иш
Дотоод яамны эрхэлсэн түшмэл Жамьян-Очир
Дотоод ба Шүүх яамны зөвлөх түшмэл Цогтбадамжав
Гадаад яамны сайд Амар
Цэргийн яамны сайд Магсаржав
Эрхэлсэн түшмэл Госич /Гочинский/
Сангийн яамны сайд Дорж
Эрхэлсэн түшмэл Сүндэвдорж
Шүүх яамны сайд Сономдорж
Эрхэлсэн түшмэл Төртогтох
Намын төлөөлөгч Санжмятав
Эвлэлийн төлөөлөгч ... ” 2 хэмээжээ.
Эх сурвалж: Архивын ерөнхий газрын цахим хуудас