Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор мод тарих ажлыг зохион байгууллаа.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Их ам бүс нуурын зүүн чиглэлийн улсын чанартай авто зам дагуух хамгаалалтын ногоон зурваст зохион байгуулсан юм. Энэхүү ажилд Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалууд, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл болсон 200 гаруй залуу офицер оролцож, нийт 1000 ширхэг улиас, бургас мод тарилаа.
Уг бүтээлч ажлыг залуу офицеруудын мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, урам зоригийг дээшлүүлэх, нийгмийн идэвх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран өрнүүлсэн юм. Энэ үеэр мод тарьсан алба хаагчдын төлөөлөл хуулиар хүлээсэн тусгайлсан чиг үүргээ биелүүлэхээс гадна эх орон, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ зориулсан эрүүл ногоон орчин бүрдүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.