"Пепси алтан цом" үндэсний бөхийн багийн тойргийн барилдааны гуравдугаар шатны долоо дахь тойргийн өрсөлдөөн өнөөдөр эхэлж, Өвөрхангай-Завхан аймгийн багууд учраа таарлаа. Энэ тойрогт улсын харцага "гурван харцага"-аар багаа бүрдүүлсэн Өвөрхангай аймгийн баг илт давуу ялалт (19:6) байгуулсанаар хүснэгтийн гуравдугаар байраа хадгалж үлдлээ. Улсын цолтой дөрвөн бөх барилдсан ч Завханы баг 25 барилдаанаас ердөө зургаан ялалт авчээ.
Өвөрхангайн багаас аймгийн арслан О.Наранбаатар хамгийн олон даваа (4:1) авсан бол Завханы багаас харцага Ш.Пүрэвгарьд ялалт аваагүй нь амжилтад нөлөөлөв. Ш.Пүрэвгарьд дөрөв, тавдугаар тойргийн барилдаанд зодоглоогүй юм. Мөн Завханы "лидер бөх" болох улсын заан М.Лхагвагэрэл олон улсын тэмцээнд оролцоод эзгүй байв.
Сэтгэгдэл (1)