Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/, Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ноос жүдогийн дэлхийн цуврал тэмцээний нэг, олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2023” тэмцээнийг энэ сарын 23-25-нд зохион байгуулна. Өнгөрсөн жил 2024 оны Парисын олимпын эрхийн оноог албан ёсоор 50% олгож салхи хагалж байсан бол энэ жил олимпын оноог 100% олгохоороо онцлогтой. Одоогийн байдлаар тэмцээнд Австрали, Франц, Өмнөд Солонгос, Казахстан, Герман зэрэг 36 улсын 112 эрэгтэй, 98 эмэгтэй нийт 210 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Тэгвэл Японы шигшээ баг хараахан бүртгүүлээгүй байгаа ч эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кейжи Сүзүки, Хироюүки Акимото, Масару Момосе, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масучи Кацүюүкигээр ахлуулсан Японы шигшээ баг 30 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирэхээр урьдчилсан байдлаар мэдэгдээд байна.
Японы эрэгтэй шигшээ багт,
- -60 Рюжү Нагаяама
- -66 Тайко Фүжисака
- -73 Кен Оёоши
- -81 Кеняа Кохара
- -90 Гоки Тажима
- -100 Аарон Волф, Котаро Уеока
- +100 Ота Хёога
Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд,
- -48 Хикари Ёошиока
- -52 Аи Шишимэ
- -57 Цукаса Ёошида, Тамаоки Момо
- -63 Нами Набекура
- -70 Шихо Танака
- -78 Мами Үмэки, Рика Такаяама
- +78 Томита Вакаба болон судалгааны багийн хамт ирэхээр болжээ.
Монгол Улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан бол 2013-2016 онд Гран при ангиллын тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-гийн дэлхийн цуврал тэмцээн өнгөрсөн оноос зэрэглэл дээшлэн Гранд Слам /Их дуулга/ болсон билээ.
Өмнөх жилийн “Улаанбаатар их дуулга – 2022” тэмцээнд нийт 30 улсын 265 тамирчин оролцож байсан бол оролцогчдын тоо жилийн дотор ийнхүү эрс нэмэгдсэн нь манай тэмцээний үнэ цэн, ач холбогдол хэрхэн дээшилснийг харуулж байна. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга -2023” тэмцээн болоход 21 хоног үлдсэн бөгөөд бүртгэлийн хугацаа хаагдтал нийт хэчнээн баг тамирчид оролцох вэ гэдэг нь сонирхол татсаар. Зохион байгуулагч орон нэг жинд дөрвөн бөх оруулж болох тул манай шигшээ багийн 56 тамирчин өнгөрсөн жил өрсөлдсөнөөс нийт 11 медаль хүртсэн билээ. Үүнээс хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдсэн юм. Манай тамчирчдаас Б.Эрхэмбаяр (66 кг), Л.Энхрийлэн (57 кг) нар жиндээ түрүүлсэн бол Г.Сод-Эрдэнэ (66 кг), Ц.Цогтбаатар (73 кг), Г.Наранцэцэг (48 кг), А.Адъяасүрэн (78 кг) нар мөнгөн медаль хүртсэн бол Э.Сумъяабазар (60 кг), Ё.Басхүү (66 кг), Б.Хорлоодой (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) нар хүрэл медалиар энгэрээ мялааж байв.
Р.Батхишиг
Сэтгэгдэл (1)