Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн мотобуудлагын батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл өөрийн санаачилгаар алсын зайн гүйлт хийгээд 7 хонож байна. Тэрээр Төв аймаг байгуулагдсаны түүхт 100, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойд зориулан гүйж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг дайран өнгөрөөд байгаа мэдээллийг түүнд дэмжлэг үзүүлж буй багийнхнаас ирүүлжээ. Энэ нь гараанаас гарснаас хойшхи 7 хоногийн хугацаанд нийтдээ 302 км замыг туулаад байгаа гэсэн үг юм. Мэдээж гүйх явцад бороо орох, шуурах зэрэг байгаль цаг уураас үүдсэн бэрхшээлүүд тулгарч байгаа ч алсын зайд гүйгчид хүндрэл үүсгээгүй байна.
Тэрээр Төв аймаг-Улаанбаатар хот-Налайх дүүрэг-Багануур дүүрэг-Хэнтий аймаг-Дорнод аймаг-Сүхбаатар аймаг-Дорноговь аймаг-Төв аймаг гэсэн өөрийн гаргасан маршрутын дагуу гүйх бөгөөд нийт 2100 орчим километр замыг туулж, 7 дугаар сарын 25-ны өдөр барианд орохоор төлөвлөсөн байгаа билээ.