Цагаан сарын барилдаанд дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад өнөөх улсын арслан Э.Оюунболдоос хориотой эмийн бодис дахин илэрч, лав энэ жилийн наадамд барилдахааргүй болов. Залуу арслан маань допингийн шинжилгээнд гурвантаа унасан бөгөөд бүх цаг үед хэрэглэхэд хориотой бодис илэрсэн тул шийтгэл нь илүү хүндэрч магадгүй байна. Тэрбээр допингийн шинжилгээнд эхэлж бүдрэхдээ аварга цолоо хураалгасан нь үндэсний бөхийн түүхэнд анхдагч үзэгдэл болсон. Э.Оюунболд нь аварга цолоо албан ёсоор хураалгасан нэртэй боловч аварга цолоо тэр одоог болтол хаяагүй юм.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аварга цолныхоо тэмдэгтэйгээ барилдаж харагдсан даа. Допинг илэрсэн байхад ч тэр аварга цолтойгоор хоёр удаа цолоо дуудуулан барилдсан.
Эхнийх нь Төв аймгийн Угтаалцайдам суманд болсон барилдаанд түрүүлж, дараа нь 2021 онд Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Содномдоржийг амлан хамгийн сүүлчийн цолоо дуудуулсан наадам, хамгийн сүүлчийн удаа аварга цолтой зодоглосон барилдаан болж билээ. Улсын арслан Ц.Содномдорж нь "улсын аварга Э.Оюунболд"-ын хамгийн сүүлд барилдсан учраа байсан нь энэ байлаа. Харин улсын арслан цол дээрээ буцаж очоод нэг наадам, нэг цагаан сарын барилдаанд барилдах хувьтай байж дээ.
А.Болд
Сэтгэгдэл (3)