Австрийн Вена хотод 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр тоглолт хийхдээ харамсалтай нь хожил авсангүй. Багийн бүрэлдэхүүнд М.Цэрэнлхам, Б.Ариунцэцэг, О.Хулан, Ө.Индра нар багтсан бөгөөд шинэ гишүүн Ө.Индра оноо авсан байдлаар бүх тоглогчдыг тэргүүлсэн нь тэдний онцлох амжилт болов. Тэр өчигдөр үнэхээр онцгой тоглосон.
Дэлхийн чансааны 11 дүгээрт эрэмбэтэй манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг хэсэгтээ АНУ, Канад, Унгар, Чехийн багтай таарсанаас ямар хүнд сугалаа татсаныг мэдэж болно. Эхний учраа болох Унгарын багт 19:21-ээр дийлдсэн ба тус баг дэлхийн хошой мөнгөн медальт, нэлээн хүчирхэг сагсчид юм.
Харин хоёр дахь учраа болох 2016 оны дэлхийн аварга Чехийн багт 10:21-ээр аргагүй ялагдлаа. Манай улсын баг тун хэцүү хэсэгт тоглож байгааг нэмж хэлье. Тэд хэсгээс гарах боломжгүй болсон ч маргааш Америк, Канадын багуудтай тоглоно.
Харин Ази тивийн хошой аварга Монголын эрэгтэй сагсчид өнөөдөр Унгар (18:00), Нидерландын багтай тоглоно нь ээ. Манай эрчүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцохдоо 2018 онд шилдэг наймд шалгарсан нь хамгийн өндөр амжилт юм. Үүнээс хойш дэлхийн шилдэг наймд ази тивийн баг ороогүй билээ. Тус тэмцээн тавдугаар сарын 30-нд эхэлж, зургадугаар сарын 4-нд өндөрлөнө.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (2)