Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр болж, долоон асуудлыг шийдвэрлэжээ. Тэргүүлэгчдийн хуралданы ирцийг хянаж, зарим тэргүүлэгчдийг дараагийн хурлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд чөлөөлнө гэв.
Энэ хурлаас зургаан бөхийн барилдах эрхийг хассаны дөрөв нь Увсынх, бол хамгийн хүнд шийтгэл хүртсэн нь Ховдын сумын заан хоёр жил хүртэлх хугацаанд барилдах эрхгүй болжээ. Үүнээс Увс аймгийн Малчин сумын хоёр бөх байгаа нь анхаарал татлаа. Уран барилдаант заан Ө.Тулгаагийн хүү сайн эцгийн нэрийг хугалсан нь даанч тоогүй. Барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийг сонирхуулая.
Архангай аймгийн 100 жилийн ой, таван аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаанд учраа бөхөө нидэрч, жаяг дэгийн гишүүдийн шаардлагыг биелүүлээгүй хэмээн улсын харцага Ш.Уламбаярын барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэв. Гэхдээ тэр шийтгүүлсэн бөхчүүдээс хамгийн хөнгөн нь. Улсын баяр наадмаас өмнө барилдах эрх нь сэргэх юм.
Харин аймгийн заан Т.Батсүрэнг хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн барилдах эрхийг нэг жилийн хугацагаар хасахаар болсон байна. Тэр барилдаан нь Алтан цомын төлөөх Увс-Архангай аймгийн багийн барилдаан бөгөөд түүний хөлд тээглэн унасан бөх нь гарди М.Бадарч байлаа. Томоогүй үйлдэл гаргаж, наадам болон бусад албан ёсны барилдаанд нэг жил үзэгдэхгүй нь. Харамсалтай боловч Бөхийн холбооноос гаргасан шийдвэр нь зөв алхам. Ингэж байж өв соёл, ёс уламжлалаа бүтэн авч үлдэх билээ.
Түүнчлэн сумын заан цолтны отгон барилдаанд учраа бөхөө мөргөсөн сумын заан М.Баасангийн барилдах эрхийг нэг жилээр хассан ба тэрбээр гэм буруугаа ухамсарлаж, үзэгч олноос уучлал хүссэн байдлыг харгалзан ийн бага шийтгэл оноожээ. Мөн аймгийн начин Д.Урианхай 2024 оны тавдугаар сарын 30 хүртэл барилдахгүй болов. Түүнийг Баянхонгор аймгийн дөрвөн сумын түүхт 100 жилийн ойн барилдааны үеэр учраа бөхөө цохьсон гэж нэг жилээр барилдуулахгүй болсон.
Ховд аймгийн сумын заан Б.Мөнх-Эрдэнийг учраа бөхөө цохьсон хэмээн барилдах эрхийг хоёр жилээр хассан нь хамгийн хүнд шийтгэл гэж харагдана. Бас шийтгүүлсэн бөхөөс хамгийн бага цолтой нь. Тэгвэл өнгөрсөн ням гарагт болсон залуучуудын холбооны 102 жилийн ойн барилдааны үеэр жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилсон гэж Улсын заан Ө.Тулгаагийн хүү аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдааны өмсгөл шалгагчаар ажиллах эрхийг түдгэлзүүлж, барилдах эрхийг 1.5 жилээр хаслаа.
Дээрх шийдвэрүүдийг аймаг, сумын бөхийн салбар хороо дагаж мөрдөх тул барилдуулсан тохиолдолд тухайн барилдааны амжилтыг хүчингүйд тооцож, барилдсан бөхөд нэмж хариуцлага тооцохыг анхаарууллаа. МҮБХ-ны дээрх шийдвэртэй маргах хүн гарахгүй биз ээ. Япончууд үндэсний спорт болох сүмогоо цэвэр ариун авч үлдсэн шалтгаан нь хариуцлага чанга байсантай шууд холбогдоно.
Дээрх шийдвэрийг гаргасан МҮБХ-ны тэргүүлэгч гишүүд хэн бэ?
- Архангай: Улсын харцага Г.Батбаяр
- Баян-Өлгий: Аймгийн арслан Х.Асен
- Баянхонгор: Улсын харцага Д.Батболд
- Булган: Улсын заан Д.Баасандорж
- Говь-Алтай: Улсын заан Б.Соронзонболд
- Дорноговь: Улсын начин А.Хатансайхан
- Дорнод: Улсын начин Д.Цогзолдорж
- Дундговь: Улсын начин А.Алтанхуяг
- Завхан: Улсын гарди М.Баяржавхлан
- Өвөрхангай: Аймгийн арслан Ц.Жамсран
- Өмнөговь: Улсын начин Б.Сумьяа
- Сүхбаатар: Улсын начин Бо.Батжаргал
- Сэлэнгэ: Аймгийн начин: О.Болд-Эрдэнэ
- Төв: Улсын харцага Л.Бадарч
- Увс: Улсын гарди Б.Гантогтох
- Ховд: Улсын заан Ц.Мягмарсүрэн
- Хөвсгөл: Улсын начин А.Давааням
- Хэнтий: Улсын начин Б.Одхүү
- Багануур: ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр
- Налайх: Аймгийн начин З.Төртогтох
- Жаяг дэг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр
А.Болд
Сэтгэгдэл (10)