Кыргизстаны нийслэл Бишкек хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн ирэх сарын 1-4-нд болох бөгөөд манай улсаас 19 бөх хүч үзэхээр хөлгийн жолоо залжээ. Хачирхалтай нь тэд хуваарьт тэмцээндээ оролцохдоо засгаас төсөвлөсөн мөнгөөр бус өөрсдөө мөнгө хайж тус тэмцээнийг зорьсон байна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч нь хүртэл замын зардлаа өөрөөсөө гаргасан гэж хэлжээ. Олимпын наадамд бэлтгэгдэж буй Монголын чөлөөт бөхийн тамирчдын өнөөдрийн үнэн төрх нэг ийм.
Замын зардал олдоогүй эх орондоо үлдсэн шигшээ багийн тамирчин Г.Ханбүргэд, Э.Даваанасан, Г.Ариунжаргал, Ц.Цогбадрах нараас дурдаж болно.
Тамирчид нь энэ байдалтай эвлэрээд удаж байгаа гэв. Уг нь Монголын чөлөөт бөхийн холбоо Үндэсний шигшээ багийн 24 спорт холбоодоос арай дээгүүр төсөвтэй нь. Тэдэнд 2023 онд 732 сая төгрөг төсөвлөсөн боловч өнөөдөр тамирчид нь замын зардал хайж, байгууллагын үүдийг хонон өнжин сахиж байна. Төсвийн тэр их мөнгө хаана нуугдана вэ. Монголын чөлөөт бөхийн холбоо нь тамирчдынхаа зардлыг шийдвэрлэх нь байтугай 1.4 тэрбум төгрөгийн өртэй ч гэж дуулдах юм.
А.Болд
Сэтгэгдэл (3)