Спортын төв ордны А зааланд Монголын үндэсний шигшээ багуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 13 баг хоёр хоног өрсөлдөв. Монголын спортын өнөө цагийн нүүр царай болсон олон шилдэг тамирчин чуулсан юм. Саяхан дэлхийн тавцанд нэр алдараа цуурайтуулсан Б.Чинзориг, Л.Алтанцэцэг, Б.Мишээлт, Л.Энхрийлэн, Ё.Басхүү нарыг онцлон дурдаж болно. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Хөлбөмбөгийн шигшээ баг алтан медаль хүртсэн бол Рагби, Спортын сэтгүүлчдийн холбооны баг удаалав. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Цанын шигшээ баг түрүүлж, жүдо, боксын шигшээ баг мөнгө, хүрэл медалийн тавцанд гарлаа.