Тэр монгол сүмочдын 21 жилийн ноёрхолыг хамгаалав
Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё 15 өдөр болж, өчигдөр түрүү бөхөөр 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тодорлоо. Бэртлийн улмаас дөрвөн башёгийн дараа эргэн ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы эзэн хааны цомыг найм дахиа өргөж, монгол сүмочдын 98 дахь түрүүг хүртсэн юм.
Их аварга хамгийн анх 2015 оны тавдугаар сарын тэмцээнд түрүүлж байсан бол 2020 оны 5, 2021 оны 5, 9, 11, 2022 оны 5, 2023 оны тавдугаар саруудад түрүү хүртсэн бөгөөд найм түрүүлэхдээ дөрөвт нь тавдугаар сарын тэмцээнд түрүүлж байжээ. Тэрбээр цом өргөх замдаа эхний өдөр Шодайг дарсан бол араас нь Аби, Эндо, Тобизарү, Ура, Нишикижи, Кимбозан, Котошохо, Котоновака, Хошёорюү, Вакамотохарү, Асанояма, Кирибаяма, Такакейшо нарыг давсан.
Харин ганц дийлдсэн бөх нь сэкиваке Мэйсей юм. Ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж 2002 оны арваннэгдүгээр сарын Кюүшюү башёд түрүүлснээс хойш Монголын есөн сүмоч 21 жилийн хугацаанд 98 түрүүг авсан наймыг нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ авлаа.
Цааш хэд түрүүлэхийг таашгүй, ямартаа ч монгол сүмочдын ноёрхолыг амжилттай хамгаалж, японы үндэсний спортын оргил цолонд эзэн болж чадлаа. Сүмо дахь энэ 21 жилийн монголчуудын хөвгүүдийн ноёрхолд таван аварга, нэг озеки цолтон монголоос төрөн гарчээ.