Монгол бөхийн өргөөнд гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин Адуучийн Баатархүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан маргааш (тавдугаар сарын 27-нд) болно. Цагаан сарын барилдаанаас хойшхи дөрөв дэх аймаг, цэргийн цолтны барилдаан юм.
Өсөх идэр начин А.Баатархүү нь чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга (1979 онд), Азийн АШТ-ий мөнгө (1989), Азийн наадмын хошой мөнгөн медальтай бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа түрүүлсэн бөх билээ.
Үндэсний бөхийн дэвжээнд 1979 онд улсын начин цол хүртэж, 1983 онд цолоо батлан өсөх идэр чимэг хүртжээ. Тэрбээр нэг гэр бүлээс төрөн гарсан ах, дүү гурван гавьяатын нэг ба ах А.Басхүү нь гавьяат дасгалжуулагч бол дүү А.Гантогтох нь гавьяат багш юм.