Өнөө жилийн Сар шинийн барилдаанд дөрөв ба түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан, улсын арслан Энхтөгсийн Оюунболдоос хориотой эмийн бодис илэрлээ. Түүний биеэс допинг гурав дахиа гарч байгаа нь энэ болов. Өмнө нь 2019 оны наадам, 2021 оны Залуучуудын холбооны баярт зориулсан барилдааны үеэр авсан допингийн шинжилгээнд бүдэрч байлаа. Монголын спортын түүхэнд хамгийн олон удаа допинг хийлгэсэн тамирчин тэр болж байна.
Э.Оюунболдын барилдах эрхийг бүх насаар нь хасна гэж мэдээлж байгаа боловч тэрбээр 2021 оны допингийн шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй Монголын Олон улсын ба үндэсний арбитраар хөөцөлдөж байж хүчингүй болгуулж чадсан болохоор хоёр дахь шийтгэл нь ийн хүчин төгөлдөр бус юм.
Иймд тэр барилдах эрхээ найман жилээр хасуулж магадгүй ба багадаа дөрвөн жил юм. Гэхдээ түүний шийтгэлийг хүндэрүүлж авч үзэх нэг үндэслэл байна. Сүүлд түүнээс илэрсэн шинжилгээний эерэг хариу нь S1 буюу бүх цаг үед хориглосон (тэмцээний болон тэмцээний бус үед ) ба тусгайлан заагдаагүй бодис юм байна.
А.Болд
Сэтгэгдэл (18)