ЭМЯ, НЭМҮТ хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” үндэсний чуулган тавдугаар сарын 22-24-ний хооронд болсон билээ. Чуулганы нээлтэд удирдах албан тушаалтнууд үг хэлж, манай улсын эрүүл мэндийн нөхцөл байдал, бодлого хэрэгжилтийг танилцуулжээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, үндэсний түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх замаар иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдахыг нэмэгдүүлж, сэргийлж болох нас баралтын түвшинг бууруулах зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.
2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар манай улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин өндөр гарсан байна.
Тэрбээр, "Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байгаа юм.
2022 оны байдлаар нийт хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин газарт оршин сууж байна. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанаас шалтгаалан иргэд амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд хот, суурин газар луу шилжин суурьшиж, улмаар хот төлөвлөлт нь хотжилтын хурдыг гүйцэхгүй, гэр хороолол ямар ч зохицуулалтгүйгээр нэмэгдэж, байгаль орчны даац хэтрэн, хүн амын эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээ, орон сууцны хангамж, автозамын ачааллын асуудлуудыг шийдвэрлэхэд бэрхшээл учирч байна.
Хотын агаар, ус, хөрсний бохирдол ихээр нэмэгдэж, осол гэмтэл, хүчирхийлэл, зүрх судасны болон амьсгалын замын өвчин, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг хотжилттой холбоотой цөөнгүй асуудал бидний өмнө тулгарч байна” гэв
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод хүрэхэд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт, тандалтыг сайжруулах зорилгоор “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулж буй аж.
Мөн НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах замаар халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар, архи согтууруулах ундааны хэрэглээ, хөдөлгөөний дутагдалтай хүн амын тархалтыг 10 хувиар, тамхины хэрэглээ, давсны хэрэглээг 30 хувиар тус тус бууруулах, зүрхний шигдээс, тархины харвалтаас сэргийлэхийн тулд эрсдэл бүхий хүмүүсийн 50-иас доошгүй хувь нь эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой байх, чихрийн шижин, таргалалтын эсрэг үр дүнтэй тэмцэх, цусны даралт ихсэх өвчний тархалтыг 25 хувиар бууруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эмчлэх хямд өртөгтэй нэн чухал технологи, эм, үүний дотор ерөнхий нэршлийн эмийн хүрэлцээг 80 хувьд хүргэх зорилго тавьсан нь манай улсад ч хамаатай гээд манай улс эрүүл мэндийн салбарын тулах хоёр багана болсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгийг нь хэт шүтэж нөгөөг нь орхигдуулж ирснийг засаж залруулах үүднээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулж ирэх долоо хоногт Засгийн газарт оруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар танилцуулжээ.