Улсын нэгдсэн төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 200 дахь хагалгаагаа амжилттай хийсэн байна. Тодруулбал, тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 200 дахь мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайн байгаа гэнэ.
Өвчтөн 47 настай эрэгтэй Б, элэгний B, D хавсарсан вирусний гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж. Түүнд төрсөн дүү нь донор болжээ.
Тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран хийж байсан түүхтэй.
Л.Сайнаа