Тэртээх 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр ЗХУ-аас бэлгэнд нисэх онгоц хүлээн авах ёслол болсон нь Монголын түүхэнд тод мөрөө үлдээжээ. Монголын нисэх хүчин анх тээврийн зориулалттай “Ю-13” хэмээх нисэх онгоцыг Улаанбаатар хотод хүлээн авснаар Монгол Улсын болоод Зэвсэгт хүчний түүхэнд энэ өдрийг Монголын нисэх хүчний өдөр болгон тэмдэглэх болсон юм. Монголын нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн түүхэнд нисэх хүчний түүхийг бүтээлцсэн олон арван гавьяатнууд байдаг бөгөөд тэдний дундаас нисэх хүчний тулгын чулууг тавилцсан БНМАУ-ын “Агаарын зоригт баатар” Д.Дэмбэрэлийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.