МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд спортын хувцас хэрэглэлийн 361° компанийн төлөөлөлтэй Сиамэн хотноо албан уулзалт хийжээ.
Энэ онд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам, “Бали-2023” Дэлхийн элсний наадам, “Ханжоу-2022” Азийн наадам, “Бангкок-Чонбури-2023” Азийн танхимын болон тулааны спортын наадмуудад оролцох Монголын баг тамирчдыг тус брэндийн хувцас хэрэглэлээр бүрэн хангах тохиролцоонд хүрчээ.
Тус компани “Рио 2016” Олимпын наадам болон “Гуанжоу-2010”, “Инчён-2014”, “Жакарта-Палембан-2018” Азийн наадмын Зохион байгуулах хороод, Азийн олимпын зөвлөлтэй хамтран ажиллаж байсан бөгөөд Монголын баг тамирчдын хувцас хэрэглэлийг хүртэл хангаж байв.
“Ханжоу 2022” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчид болон МҮОХ-ны санаачилгыг бүрэн дэмжиж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлжээ. “Ханжоу-2022” Азийн наадамд манай улсаас спортын 32 төрөлд 400 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа юм.