Олимпын угтвар жилийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцсоор байгаа. Тухайлбал, жүдо бөхийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтнууд болсон. Түүнчлэн боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Чинзориг мөнгө, Б.Мишээлт хүрэл медальтай ирсэн юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдөж, медальтны эгнээнд багтсан тамирчдыг дасгалжуулагчдын хамт өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзан, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, П.Нямлхагва, боксын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар байлцав.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийгээс медаль хүртсэн тамирчдад баяр хүргээд, Парисын олимпын мөчлөгт тамирчдаа бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Боксын тамирчид зургадугаар сард Германд хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа бол жүдочид зургадугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотноо зохиогдох Их дуулга тэмцээний бэлтгэлдээ ороод байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо