Монгол Улсын Соёлын яамны урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны “Хөгжлийн албан ёсны тусламж”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын нийтийн төв номын санг сэргээн засварлах, шинэчлэх” төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр тус улсын яам, агентлаг болон холбогдох байгууллагын төлөөлөгч нар Монгол Улсад ажиллахаар ирсэн билээ. Өчигдөр буюу таюдугаар сарын 23-нд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан тэднийг хүлээн авч уулзлаа.
Солонгосын номын сангийн соёлыг дэмжих агентлаг нь энэхүү төслийн үндсэн хэрэгжүүлэгчээр сонгогдсон бөгөөд Монгол Улсын Соёлын яам, Сангийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн удирдлагуудтай хоёр талын уулзалт хийж, төслийн нарийвчилсан төлөвлөгөөг гаргахаар ажиллах юм.
Уулзалтаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, хоёр талын үйл ажиллагааны дараалал болон хуваарийн талаар санал солилцлоо.
Энэхүү төслийн нийт өртөг нь 5 сая ам.доллар юм. Төслийг хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээ, боловсон хүчний чадавх, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уншигч хүлээн авах хүчин чадал эрс нэмэгдэж, олон улсын жишиг номын сан болоод зогсохгүй онцгой хэрэгцээт болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй номын сан болно гэж төсөл хэрэгжүүлэгч талууд үзэж байна.