Хэнтий аймгийн Дадал сумын сургуульд “Ногоон арал” нэртэй эко клуб ажилладаг. Энэ клуб 30 орчим сурагчтай. Тэд хамтдаа цагаан зээр хамгаалах аян өрнүүлж, сум орон нутагтаа гялгар уутны хор нөлөөг таниулж, мөн хуруу зай хөрс усыг хэрхэн бохирдуулдаг болохыг сурталчилан ажилладаг байна.
Эко клубын сурагчид идсэн мойл жимснийхээ ясыг үрслүүлж монос ургуулах санаачилгыг анх 2019 онд гаргажээ.
Тэдний санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэмжин “Мойлхон чамд баярлалаа” аяныг өрнүүлсэн юм.
Энэ хүрээнд тэд эхний жилдээ сургуулиараа 2.2 кг мойл жимсний яс цуглуулж түүнийг үрслүүлэн мод тарьж эхэлсэн байна. Хүүхдүүдийн энэ туршилга амжилттай болж сургуулийнхаа хашаанд нийт 500 гаруй мойл жимсний монос модыг ургуулаад байгаа юм.
Монос мод арчилгаа бага шаарддаг. Хамгийн гол нь хүүхдүүд эхний 3 жилдээ тасралтгүй арчилдаг юм байна. Зэрлэгийг нь зулгааж, орчных нь хөрс зүлгийг цэвэрлэх, тогтмол усалж, бордох шаардлагатай.
Хүүхдүүд суулгасан үрээ өдөр бүр усалж, хөрсний чийгийг тохируулж, био орчныг тааруулдаг аж. Хэтэрхий их усалж болохгүй, бас хуурайшуулж болохгүй. Эдгээрийг хүүхдүүд нарийн тохируулж тусгай багажаар хэмждэг. Үүнийг эко клубын хүүхдүүд ээлжээр хийдэг. Хуваарь гаргаж зохион байгуулалттай ажилладаг. Тарьсан үрээ арчлах, бойжуулах ажил бол хүүхэд бүрээс хариуцлага, тууштай хөдөлмөр, мэдлэг бас бүтээлч хандлагыг шаарддаг. Ингэж 3 жил хүүхдүүдийн хүч хөдөлмөрөө зориулан арчилсан мод 30 см орчим өндөр болж цаашид бие даан ургах чадвартай болдог байх нь.
Хүүхдүүд үрээр мод тарьж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит хувь нэмрээ оруулахын зэрэгцээ шинжлэх ухаанч ажилд давхар суралцаж байгаа юм.
Тэдний санаачилсан “Мойлхон чамдаа баярлалаа” аянд Баян-Адрага сумын “Ногоон төгөл”, Биндэр сумын “Ногоон нахиа”, Батширээт сумын “Ногоон алт” зэрэг эко клуб нэгдэж, тэдний арга туршлагаас суралцаж байна.
Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын “Ногоон зүрх” эко клубын сурагчид нэгдэж, 30 кг мойлны яс цуглуулсан байна. Тэд мойл жимсний үрийг үрслүүлж энэ хавар хөрсөнд шилжүүлэн суулгажээ.
Байгаль хамгаалах үйлс энгийн алхмаас эхлэлтэй. Энгийн бүхэн бидний эргэн тойронд бий. Гагцхүү энэ энгийн зүйлсийг олж харж өдөр тутамдаа сэтгэлээ зориулан хэрэгжүүлэх л учиртайг “Ногоон арал” эко клубын сурагчид уриалдаг.