Баян-Өлгий аймгийн Буянт сумын төв талбайд Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа агсны хүрэл хөшөөг босгож, тавдугаар сарын 21-ний өдөр нээжээ. Буянт сумын ИТХ-ын 2020 оны 4 дүгээр тогтоолоор тус сумын төв талбайг Банзарын Дамчаагийн нэрэмжит болгосон юм.
Хөшөөг Буянт сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан жүжигчний үр хүүхдүүд, ах дүү нар болон тус сумын анхны Засаг дарга Я.Хүрлээ үр хүүхдүүдийнхээ хамтаар босгуулжээ. Энэхүү хөшөөг барималч С.Сүх-од, Д.Шийтэр нар урлажээ.
Хөшөөний нээлтэд сумын Засаг дарга Н.Хибатай, Улаанбаатар хотоос Б.Дамчаа агсаны охин Д.Болор, дүү Б.Шуурай, Я.Хүрлээгийн үр хүүхдүүдийн төлөөлөл болж Х.Алтантуяа, Х.Болортоль, Х.Болор-Эрдэнэ, Х.Батсайхан нар болон сумын иргэд оролцсон байна.
Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин Банзарын Дамчаа 1932 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн. Тэрээр “Үер”, “Өглөө”, ‘Төгсгөл”, “Хил дээр”, “Төөрсөөр төрөлдөө”, “Хөдөөгийн баясгалан”, “Хүргэн хүү”, “Ичээнд нь”, “Хатанбаатар” 1 ,2-р анги, “Сахиус уу, сахиул уу”, “Мандухай цэцэн хатан”, “Зуслангийн найзууд”, “Газрын жигүүр”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Зарлаагүй дайны оршил”, “Нарны унага”, “Би чамд хайртай”, “Хааны сүүлчийн хатан” зэрэг олон арван кинонд тоглож Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн уран бүтээлч, жүжигчин билээ. Түүнчлэн “Говийн нүдэн”, “Зуслангийн найзууд”, “Хатанбаатар”, “Нарны унага”,”3арлаагүй дайны оршил”,”Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай”, “Ацаг шүдний зөрүү” зэрэг кинонуудад хоёрдугаар найруулагчаар ажиллаж, орчуулгын 330 гаруй кинонд дуу оруулсан ард түмний хайртай уран бүтээлч юм.
Гэрэл зургийг Ulziibayar Otgonbaatar хаягаас авав.