Өнгөрсөн 19, 20-ны өдрийн цасан шуурга гамшгийн хэмжээнд хүрч Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн иргэд ихээхэн хохирол амсаад байгаа билээ. Тэгвэл Хэнтий аймгийн засаг даргын орлогч Л.Батсайханаас одоогийн нөхцөл байдал, хоргодсон малын тоо зэргийг тодрууллаа.
"Ямаа малаа самнасан, мал амьтан үс ноосоо хаясан ийм үе таарлаа. Зарим үед салхины хурд секундэд 24 метр хүрч байсан. Цасан шуурганд уруудсан малынхаа хойноос явсан нэг хүн эндсэн, харамсалтай зүйл тохиолоо. Тавдугаар 23-ны өдрийн байдлаар сумуудаас ирүүлсэн цасан шуурганаар хорогдсон малын тоог нэгтгэсэн. Одоогоор 113 мянган тоо толгой мал хоргодсон гэсэн мэдээ гараад байна. Үүнээс 19 мянган тоо толгой нь бод мал байх шиг байна. Эцсийн байдлаар энэ тоо хэд болж нэмэгдэхийг хэлж мэдэхгүй байна. Зарим малчид шуурганд уруудсан малынхаа эрэлд яваад эзгүй байгаа. Мөн 58 гэр нурсан мэдээлэл бий. Сумуудын онцгой комисс хуралдаад сэргээн засварлах боломжтой, боломжгүй гэсэн тоог нь гаргана. 99 хашаа хороо сүйдэж, 99 барилга байгууламж, 21 орон сууцны дээвэр нурсан. Малын эрэл сурал одоо ч үргэлжилж байгаа учраас эцсийн дүн хэзээ гарахыг мэдэхгүй байна" гэв.