Коронавирус цар тахлын дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан Улсын баяр наадам зохион байгуулахыг цуцалсан нь 2021 он. Санаж байгаа бол тэр жил наадмын төсөв өндөр байна гэж олон хүн бухимдаж, наадам зохион байгуулахыг эсэргүйцсэн “NO naadam” хөдөлгөөнийхөн ч хүсэл зорилгодоо хүрч байв.
Засгийн газраас наадам зохион байгуулахыг шийдвэр гарган цуцалж, монголчууд есөн хөлт цагаан тугаа түүхэндээ анх удаа цэнгүүлээгүй юм.
100 жилийн түүхэнд наадам албан ёсоор болоогүй нь энэ. Есөн хөлт цагаан туггүйгээр бол бөхийн барилдаан зохион байгуулсан нь үнэн. Тэр барилдааныг харсан, мэдсэн нь гэхдээ цөөн юм. Хүй долоо худагт Залуучуудын холбооны тэгш ойн баярт зориулан 512 бөх барилдуулахад заан Б.Бат-Өлзий түрүүлж, хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн, бас хэд хэдэн бөх шөвгөрсөн. Үгүйсгэх аргагүй сайхан барилдаан болох нь болсон.
Өчигдөр тэрхүү барилдаанд тав болон түүнээс дээш давсан хэсэг бөхчүүд цолоо нөхөж авах тухай лайв хийжээ.
Гэхдээ тэдэнд цол өгөх нь юу л бол. Есөн хөлт цагаан тугаа тав тойрч начин, ес тойрч аварга, арслан гэж үзэгч, ард түмэн чинь итгэж бас баясдаг болохоос биш хээр нэгэн ёс төгөлдөр бус болсон барилдаанд хэн олон давсанд нь цол өгнө гэж шийдвэр гаргаагүй байх. Хэнээсээ цол нэхэж байгаа юм бол тэд. Яадахад цол өгөх учиртай Ерөнхийлөгч нь ирээгүй тул наадам гэж нэрлэх хэцүү байгаа биз. Наадам цуцалсан мэдээллээр олон бөх бэлтгэлээс бууж, хөдөө гадаа явцгаасан. Шударга үнэн гэвэл энэ үнэн.
Хэрэв тэр жилийн наадмыг цуцлаагүй байсан бол аварга Ч.Санжаадамба, гарди Б.Гончигдамба нараас авахуулаад олон сайчууд зодоглох байв. Барилдсан бөхчүүд нь бас хичээж үзэх байсан гэж болно. Ингэж барьцах хүчтэн олон гарна. Уяачид, сур харваачид ч бас барьцаж бас болно.
А.Болд
Сэтгэгдэл (17)