“Бид хүүхдийн өмнөөс гэж ярьдаг ч бидний дотор үргэлж л “хүүхдүүд” байдаг. Гэхдээ л хүүхдийн зохиол бичнэ гэдэг нарийн юм билээ” хэмээн өгүүлэх яруу найрагч, сэтгүүлч М.Дэвээжаргалын бичсэн анхны хүүхдийн зохиол “Тэнгэрт хөөрөх цаасан шувуу” ном саяхан хэвлэлтээс гарчээ. Энэхүү ном нь орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээнд нийцүүлсэн зурагт ном бөгөөд номын зураачаар М. Алтаншагай, редактороор А.Даваасүрэн, Д.Отгонтуяа нар ажилласан юм.
Улаанаа охин хамгийн өндөрт нисдэг цаасан шувуу урлахыг хүсжээ. Гэвч түүний санаснаар болсонгүй. Олон дахин оролдсон ч бүтсэнгүй. Гэсэн ч охин бууж өгөлгүй санасандаа хүрч буй тухай гардаг. Хүүхэд гэдэг цаснаас ч цагаан ертөнцийн сэв тогтоогүй итгэлийн гүнийг гаргаж, хэн ч уншсан хайрлам тийм нандин дүрээр тодруулсан нь энэ зохиолын онцлог ажээ. Хүн үнэхээр чин сэтгэлээсээ хүсэн мөрөөдөж байгаа цагт урам хугарах, бүтэлгүйтэх, ялагдаж шантрах нь бууж өгөх шалтгаан биш шүү гэдгийг илэрхийлсэн Улаанаа охины энэхүү түүхээс бяцхан уншигчид маань ойлгох болно.
Хүүхдийн зохиолын асуудал чухлаар тавигдаж буй өнөө цагт Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас “Монсудар зурагт ном” цувралыг эмхтгэн гаргаж байгаа билээ. Ингэхдээ тэд хүүхдийн номын зохиол бичих сонирхолтой залуус, уран бүтээлчидтэй хамтран мэргэжлийн зураач, редакторын багаар ажиллаж, уншигч багачуудынхаа гарт монгол өнгө аясыг шингээсэн номууд хүргэхээр зорьж байгаагаа онцолсон юм. Цувралдаа тэгш эрх, ялгаатай байдал, нийгэмшил, хамтач байдал, бусдын сэтгэлийг ойлгох, бүтэлгүйтэл, гэр бүл гэх мэт өнөө цагт хамгийн их ярьж хэлэлцэх учиртай сэдвийг сайтар боловсруулж, үлгэр түүхээр дамжуулан хүүхэд багачуудад хүргэж, оюун санаа хийгээд сэтгэл зүрхний үнэт зүйлсийг соёолуулахад дэм болох үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа аж.