Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 188 байршилд гарааш чөлөөлжээ. Эдгээр байршилд архитектур төлөвлөлтийн болон тохижилтын ажлын төлөвлөлтийн 79 даалгавар батлагдсан байна. Тодруулбал, хоёр байршилд олон давхар зогсоолын архитектур төлөвлөлтийн даалгавар, 42 байршилд гадна талбайн тохижилтын ажлын даалгавар, 35 байршилд авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар батлагдсан аж. Энэ жил 132 байршилд гарааш чөлөөлнө. Эдгээр байршилд архитекторууд газар дээр нь очиж, орчных нь орон зайтай уялдуулсан байдлаар архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж байгаа. Иргэдийн дунд гарааш чөлөөлсөн байршилд барилга барих гэж байна гэх ойлголт бий. Нэг ч байршилд барилга барих зөвшөөрөл олгоогүй. Харин тухайн гараашийг худалдаж аваад өмчилчихсөн, газар олгочихсон хоёр байршил бий. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, зохих шийдвэр гарна хэмээн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга хэллээ.