МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, АТГ, Шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллага хамтран “АСУУДЛААС ШИЙДЭЛ РҮҮ” практик сургалтыг зохион байгууллаа. Нийгмийн хариуцлагын үүднээс мэргэжлийн шинэ чиглэлийг танилцуулах, арга туршлагыг нь нэвтрүүлэх зорилготой тус сургалт тавдугаар сарын 19-ний өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болсон юм. Сургалтыг Шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллагын сургагч багш Жей Марлон Карр удирдан явуулж, МУИС-ийн сэтгүүл зүйн багш нар илтгэл танилцууллаа. Сургалтад нийт 100 орчим сэтгүүлч, энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд хамрагдсан байна.
Асуудалд төвлөрсөн уламжлалт хандлага өөрчлөгдөж, шийдэлд чиглэсэн сэтгүүл зүйн шинэ хэлбэр нэгэнт бий болоод байна. Solution journalism буюу шийдлийн сэтгүүл зүй нь хүн бус асуудалд чиглэж, учир шалтгааныг тодруулан, шийдэх гарц гаргалгааг бодит жишээ баримтаар үлгэрлэж харуулдаг онцлогтой. Энэ нь асуудалд төвлөрсөн сэтгүүл зүйн хандлагыг “гацаанаас” гаргаж шийдлийг эрэлхийлэх аргад тулгуурласан сэтгүүл зүйн чиглэл билээ.
“Хоточ нохойн” үүрэгтэй зэрэгцэн “хөтөч”-ийн үүргийг гүйцэтгэх болсон шийдлийн сэтгүүл зүйн тал бүрийн аргыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэдийн нэвтрүүлж эхэлжээ. Тиймээс энэхүү сургалтад хамрагдсан сэтгүүлч, оюутнуудад батламж бичиг гардуулсан юм.