Булган аймагт Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөгийн хүрээнд үндэсний бөхийн улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаан өнөөдөр болох нь ээ. Барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр, заан Б.Батмөнх, Ц.Одбаяр, харцага Ш.Пүрэвдагарьд, улсын начин Н.Мустафа, Э.Даш, Г.Ганжад, Б.Мижидсүрэн, Б.Сосорбарам нарын улсын цолтонгууд Булган нутагт саатжээ. Мөн ирээдүйн бөхийн өнгийг тодорхойлох, улсын цолонд ойрхон бөхчүүд хүрэлцэн ирсэн байна. Барилдааны үеэр гавьяат тамирчин, улсын арслан Д.Ганхуяг үндэсний бөхөөр хичээллэдэг болон хичээллэхээр сонирхож буй хүүхэд, залууст зөвлөгөө өгөх аж. Энэ үеэр “Алдар” спорт хорооны “М гарди” баг Булган аймгийн багтай нөхөрсөг тоглолт хийх бөгөөд бөхчүүд хүүхэд, залуустай нөхөрсөг шатар тоглож байна.