Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооны тамирчид энэ сарын 19-21-нд Тайланд улсын Паттаяа хотноо болох лазер-гүйлтийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Н.Өвгөнхүү (976 Crossfit), Б.Одбаяр (Ирвэс клуб) болон багийн ахлагчаар холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар Тайландыг зорьсон байна.
Манай тамирчид тавдугаар сарын 19-ний өдөр эрэгтэй ганцаарчилсан, 21-нд холимог багийн төрөлд өрсөлдөх юм. UIPM (Олон улсын орчин үеийн таван төрөлтийн холбоо), AMPC (Азийн орчин үеийн таван төрөлтийн холбоо) болон Тайландын орчин үеийн таван төрөлтийн холбоо хамтран зохион байгуулж буй тэмцээнд бүс нутгийн орнуудаас гадна Монгол, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсын баг тамирчид оролцож байгаагаараа онцлогтой болж байна.