ХНХ-ын сайд Х.Булгантуяад ээжүүдийн төлөөлөл өнөөдөр шаардлага хүргүүллээ. Тэд хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгохыг шаардаж, “Ээжүүдийн төлөөлөл” группийн админ А.Дөлгөөн уг шаардлагын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Би энэ ХНХЯ-ны гадаа зургаа дахь удаагаа ирж байна. Нэгдүгээр сарын 16-наас эхлээд өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгөний олголтоос хасагдсан. Надтай хүүхдийн мөнгө хариуцсан мэргэжилтнүүд, бодлого төлөвлөлтийн газрынхан бүгд уулзсан. УИХ хуулиа баталсан, ЗГ нь хуулийг хэрэгжүүлдэг байгууллага гээд яамных нь дэд сайд хүртэл надад хариу хүргүүлсэн. Би Үндсэн Хуулийн Цэцэд иргэний дагуу өргөдлөө гаргасан. Дунд суудлын хуралдаан зарласан боловч тодорхойгүй шалтгаанаар УИХ-аас шинэ гишүүн гаргаад хурал нь хойшлогдсон. Тийм болохоор ХНХ-ын сайд Х.Булгантуяад эхлээд эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг утгаар нь нэг удаа өргөдөл хүргүүлж байсан. Одоо харин яамны сайд болсон тул албан тушаалынх нь хувиар шаардлага хүргүүлж байна. Шаардлагад хоёр заалт тусгасан. Эхнийх нь, есөн хувь гээд ялгачихсан байгаа цалингийн орлоготой эгэл жирийн иргэдийн ганц хоёрхон хүүхэдтэй хүмүүсийг ихэвчлэн хассан байна. Мөн өрх толгойлсон ээжүүд, зайлшгүй авах шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, ямар нэгэн өвчин эмгэгтэй хүүхдүүдийг хүртэл зөвхөн эцэг эхийн хөрөнгө орлогын үзүүлэлтээр үндэслэж хаасан байна.
Тэгэхээр энэ зайлшгүй авах шаардлагатай бүх хүүхдэд, энэ есөн хувьд нь олгож өгөхийг шаардаж байгаа. Олгохдоо нэгээс тавдугаар саруудын мөнгийг нөхөж олгох тал дээр энэ асуудлыг шийдэж өгөх. Олгоно гэж байгаа ч нөхөж олгох тал дээр ерөөсөө мэдээлэл алга байна. Хэрэв үнэхээр төсвийн тодотгол хийхгүй бол бидний зайлшгүй авах шаардлагатай мөнгийг олгооч ээ гэж хүссэн.
Хоёрдугаарт, үлдэгдэл 91 хувьд нь яг ямар хүмүүст өгч байгаа вэ гэдгийг бид мэдмээр байна. Шаардлагын хугацааг өнөөдрөөр заасан. Хэрэв өнөөдөр энэ сарын мөнгө орохгүй, энэ асуудал шийдэгдэхгүй бол эцсийн арга хэмжээ болох жагсаал цуглааны зөвшөөрөл авах шийдэлд хүрнэ. Есөн хувьд хамрагдсан бүх хүнийг би тэр чигт нь төлөөлж байгаа гэж болно. Ээжүүдийн төлөөлөлд сонирхлын түвшинд хоёроос гурван мянган хүн нэмэгдэж орсон. Надтай хамт явж байсан 5000 гаруй ээж өнөөдөр хүүхдийн мөнгөө бас огт аваагүй.
Бид зөвхөн шударга бус зүйлтэй тэмцэхийн төлөө явж байна. Анхнаасаа биднийг ялгаварлаж тэгш бус байдал үүсгээгүй бол өнөөдөр ингэж явахгүй байсан. Хуулиа баталдаг ч халамж хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байна. Яагаад гэвэл шат шатны төр захиргааны байгууллагынхан ажлаа хийхгүй байна” гэв.