Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадад оролцох Монголын баг бүрэлдэхүүнийг БШУЯ-наас танилцууллаа. Олимпиадыг зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой. Энэ зарчмын дагуу 16 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр манай хоёр баг эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тус олимпиадад оролцох багийг Монгол Улсын Их Сургууль болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байгаа аж.
Олимпиадад оролцох сурагчдын 10 нь нийслэлийн 1, 11, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуулиудад суралцдаг бол үлдсэн зургаан сурагч нь орон нутгаас шалгарчээ. Тэд Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудаас ирж оролцох юм. Сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн. Мөн багийн бүрэлдэхүүнд эмэгтэй хоёр сурагч багтжээ.