Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, улсын мэргэн Дэмбэрэлийн Балдандорж агсаны 100 жилийн ойг хүндэтгэн Монгол Улсын үндэсний сурын нээлтийн харвааг Жаргалантын аман дахь “Чингис хааны хүрээ” цогцолборт зохион байгуулав.
Нээлтийн харваанд 21 аймаг, есөн дүүргийн 999 цэц мэргэн харваач өрсөлдсөний дархан мэргэн гурав, даяар дуурсах мэргэн хоёр, улсын мэргэн 14, гарамгай мэргэн долоо, гоц харваач 11, онч харваач хоёр, тод харваач нэг, хүндэт мэргэн зургаа, аймаг, сумын цолтой харваач 270, спортын цол зэрэгтэй 19 харваач бол бусад нь залуу харваач байлаа.
Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, дэд мастер Б.Загдзүсэм 34 оноогоор тэргүүн байр эзлэв.
Харин эмэгтэй харваачдаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн мэргэн Батсүхийн Ганчимэг 34 оноогоор алтан медаль хүртлээ. Улсын баяр наадам дөхлөө, харваачид маань ч онч мэргэн байж эхний таван байр эзэлсэн мэргэчүүд 30-аас дээш оноо авсан байна.
А.Болд