Узбекистан улсад болсон "Ташкент-2023" боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 63.5 кг жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн ахлагч, Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ ахлах ахлагч Б.Чинзоригийг өнөөдөр Алдар спорт хорооны удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын зургаа дахь боксчин болсон юм. Өмнө нь Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Л.Алтанцэцэг нар дэлхийд үзүүрлэсэн.
ОУХМ Б.Чинзориг: 2005 онд Алдар спорт хороонд А.Гантулга багшийн шавь болж үүнээс хойш 18 дах жилдээ боксын спортоор хичээллэж байна. Дөрвөн ДАШТ, хоёр олимпод оролцсон. Үүнээс гуравт нь медалийн төлөө тоглож энэ удаа мөнгөн медаль хүртлээ.
Миний хувьд Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хороо гэх энэ их өрх айлд багтаж олон ч жил “гэр хийж” явлаа. Намайг цаг үргэлж дэмжиж, дэлхийн тэмцээнд захыг минь мушгин суудаг эл хамт олонд талархахгүй байхын аргагүй. Та бүгддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.
Сэтгэгдэл (1)