Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Эрчим хүчний дэд сайд бөгөөд Зөвлөлийн дарга М.Баярмагнай даргалж, танхимаар зохион байгуулжээ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснээрээ ач холбогдолтой хуралдаан боллоо.
Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлогo"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрчим хүчний сэргэлт”-ийн 2.1.1-д тусгагдсан өмнөд бүсийн стратегийн орд газрууд болон үйлдвэрлэл, технологийн парк, Оюутолгойн зэсийн уурхай болон өмнөд бүсийн уул уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах зорилго бүхий Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг үе шаттайгаар барьж байгуулах техник-эдийн засгийн үндэслэл, “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудын гүйцэтгэсэн бүс нутгийн нүүрсний ордыг түшиглэн шинээр эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах замаар тухайн орон нутгийн хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг найдваржуулах зорилго бүхий эх үүсвэрийн холбогдох гурван техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажиллалаа.