УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал "Боловсролын зээлийн сан"-гийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Гадаадад зээлээр сурсан бол эх орондоо ирээд таван жил ажилласан тохиолдолд зээлээс чөлөөлөгдөнө гэх журам 2012 онд Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон юм байна. Энэ хуулийн 8.8-д БЗС-ийн зээлийг эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг УИХ батална гэж заасан ч одоо хүртэл гараагүй байна. Тиймээс зээлээс чөлөөлөгдөнө гэсэн ойлголт хуулийн дагуу байхгүй. Нийт зээлдэгчдийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхэд байна. Төрийн өндөр албан тушаалтнуудад хүүхдээ сургах мөнгө шаардлагатай юу. Уг нь санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд зориулагдсан. Гэтэл эргэн төлөгдөөгүй зээлийн 41 хувийг нь сайдын тушаалаар чөлөөлсөн байдаг. Тухайлбал,
-2008-2009 онд Засгийн газрын тогтоолоор 111 зээлийг тэглэсэн. Энэ нь нийт дүнгээрээ 8.9 тэрбум төгрөг.
-2012-2016 онд Л.Гантөмөр сайдын үед 435 магистр, докторын зээлийг тэглэсэн. Нийт дүнгээрээ 40.6 тэрбум төгрөгийн зээл. Уг нь тэглэх эрх нь УИХ-ын журмаар зохицуулагдах ёстой байтал сайд чөлөөлсөн байна.
-2016-2017 онд Г.Чулуунбаатар сайдын үед 51 магистр, докторын зээлийг тэглэсэн. Нийт дүнгээрээ 4.8 тэрбум төгрөг.
-2017-2019 онд Ц.Цогзолмаа сайдын үед 73 зээл тэглэсэн нь 6.3 тэрбум төгрөг.
-2019-2020 онд Ё.Баатарбилэг сайдын үед 82 зээл тэглэсэн нь 8.5 тэрбум төгрөг.
-2020 онд Л.Цэдэвсүрэн сайдын үед 26 зээл тэглэсэн нь 1.9 тэрбум төгрөг.
-2021 оноос хойш Л.Энх-Амгалан сайдын үед 89 зээл тэглэсэн нь 9.05 тэрбум төгрөг. Ингээд нийт 867 зээлийн 80.2 тэрбум төгрөгийн зээлийг тэглэж, чөлөөлжээ.
Тэглэх эрх нь УИХ-ын журмаар хэрэгжих учиртай ч Засгийн газрын тогтоолд үндэслэж чөлөөлсөн хэмээсэн тэмдэглэлд бий гэжээ. Гэтэл тэр тэмдэглэлтэй танилцахад ямар ч шийдвэр биш, хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн байна. Гэтэл үүнийг үндэслэж, зээлийг чөлөөлсөн байгаа юм. Ийм үндэслэлээр 80,2 тэрбумын зээлийг тэглэж, чөлөөлсөн байна. Зээл, тэтгэлэг бол тусдаа зүйл. Зээл бол буцалтгүй тусламж ч биш. Тэгэхээр заавал эргэн төлөгдөх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (1)