Катарын нийслэл доха хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Энэхүү тэмцээнд амжилттай оролцож дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болсон МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр, “Тэмцээн маш сайхан боллоо. Хоёр дахь хүрэл медалиа авсандаа баяртай байна. Зорьсондоо хүрээд ирлээ. ДАШТ-ий хүрлийн төлөө барилдсан Гүржийн бөхтэй урьд нь таарч байсан болохоор өмнө хожиж байсан шигээ тактиктай барилдаж дахин хожлоо. Багийнхан маань өөр өөрсдийн хэмжээнд бүгд сайн барилдсан гэж бодож байна. Цаашдын зорилго гэвэл, олимпын аварга болох. Мөн Азийн наадам, бусад тэмцээнүүдэд сайн оролцоно оо” гэв.