Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Мосес Котане хотын Сан Сити мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 20-28-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин хүч үзэх бөгөөд өнөөдөр баг тамирчдын түрүүч эх орноосоо мордлоо.
Тамирчдаас онцолбол, дэлхийн хошой аварга, Ази тивийн таван удаагийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, гавьяат тамирчин Б.Чимэдцэрэн оролцох бөгөөд тэрбээр гавьяат тамирчин болсноосоо хойшхи анхны олон улсын тэмцээндээ хүч үзнэ.
Мөн ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ Д.Түмэнжаргал оролцоно. Түмээ аварга пауэрлифтингийн ДАШТ-ээс зургаан медаль хүртсэн Монголын хоёр тамирчны нэг ба хоёр жилийн өмнө Норвеги улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хэвтээ шахалтын төрөлд 325 кг-ыг шахсанаар 105 кг-ын жингийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч болсон.
Баг тамирчдаас өсвөрийн охидын ангилалд монголоос ганц тамирчин оролцох нь Г.Сумъяасүрэн бөгөөд Өвөрхангай нутгийн унаган охин дэлхийн дэвжээнд анх удаа оролцох гэж байна. Өмнөд Африкийг дайлаар мордож буй энэ удаагийн бүрэлдэхүүн нэлээн хүчирхэг. ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт Ш.Чанрав, дэлхийн аварга Ш.Пэрэнлэй, И.Тэсхүү болон отгон дэлхийн аварга Г.Оргилболд нарын шилдгүүд багтжээ. Баг тамирчид Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны шигшээ багийн зааланд нэг сарын хугацаанд нэгдсэн бэлтгэлд хамрагдсан байна.
Сэтгэгдэл (6)