Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ням гарагт өндөрлөж, Монголын баг мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэж, багийн дүнгээр долдугаар байрт орсон бөгөөд өчигдөр медаль хүртсэн тамирчид эх орондоо ирэх үеэрээ сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Чинзориг “Санаа сэтгэл өндөр байна. Өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа медалийн төлөө өрсөлдөөд харамсалтай нь ялагдаж байлаа. Дөрөв дэх тэмцээнээсээ мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.
Миний хувьд үнэ цэнтэй медаль, мөрөөдөл минь биелэж байна.
Тулаан бүр адилхан. Өөрийнхөө хийж чадах зүйлд илүү төвлөрсөн болохоор сэтгэл хөдлөл бага байсан. Ийм байх гэж үргэлж хичээдэг. Одоо хамгийн том зорилго бол олимп. Наана нь Азийн наадмаас олимпын эрх олгох тул бэлтгэл сургуулилтаа үүнд чиглүүлнэ. Олимпын рингэнд сая шигшээ шатанд намайг ялсан тамирчныг ялах зорилго тавьсан. Надад тусалж дэмжсэн боксын холбоо, болон Алдар спорт хороо, нийт монголчууддаа баярлалаа" хэмээн ярилаа.