УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нийслэлийн засаг дарга нарын газар олголтын талаар мэдээлэл өглөө. Мөн shilen.gov.mn сайтад аймаг нийслэл, сум дүүргийн засаг дарга нарын газар олголтыг нийтэд ил тод байршуулж байгааг мэдээллээ.
Тэрбээр, “Хэн хэнд, хэрхэн яаж газар олгосон тухай хорин жилийн баримтыг ил тод байлгах хуулийнх нь дагуу хүлээсэн үүрэг, авлигын эсрэг “5 Ш” хөтөлбөрийн шилэн ажиллагааны дагуу, Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу нийтэд мэдээлэх үүрэг даалгавраа биелүүлж байна. Хорин жилийн түүхэнд хотын дарга асан Э.Бат-Үүлийн гарын үсэг ч байна, МАН-ын гишүүн, хотын дарга нарынх бүр олон байна. Мэдээлэл хариуцагч Нийслэлийн газрын албаны ирүүлсэн мэдээллийг нэрээр нь, он цагаар нь, байршлаар нь, зориулалттай нь олгосон засаг дарга, олгуулсан компанитай нь, цааш хэдэн удаа давтаж, дамжиж, шилжиж өөрчлөгдсөн баримтаар нь ил болгож байна.
Хаана нууц байна, тэнд авилга бий гэдэг үг газар олголтыг олон нийтэд ил болгох энэ процессыг даван туулах цаг мөчид яс маханд илүү шингэтэл батлагдаж байгаа. Ганцхан гарын үсэг, ганц алга дарам цаас 10 мянга, 100 мянга, 1.5 сая хүн, цаашлаад ирээдүйн хувь заяаг тодорхойлж байдаг гэдгийг бид ойлгох ёстой.
Энгийн нэг иргэнээс авхуулаад Монгол Улсын төрийн тэргүүнд хүртэл мэдрэгдэж байгаа өнөөдрийн энэ хотын түгжрэл, төвлөрөл ямар байдалд хүргэв гэдэг дээр бид үнэлэлт дүгнэлт хийх ёстой гэж бид үзэж байна. Ийм ч учраас өнөөдөр shilen.gov.mn дээр та бүхэн энэхүү мэдээллүүдийг ил тодоор харж болно. Үүний хүрээнд нийслэлийн засаг дарга нар хэзээ хэнд хэрхэн яаж газар олгосон тухай 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний түүх, баримтыг энэ сайтад ил тод болголоо.
Үүнд, газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954, эрхийн гэрчилгээний талбай зориулалт өөрчилсөн 6,329, эрхийн гэрчилгээг шилжүүлсэн 8,525, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150, нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр өнөөдөр байршуулж байна. Регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор харах бололцоо бүрдэнэ. Мэдээж газар зүй, геодезийн газрын мэдээлэл gazar.mn дээр тавигдах нь хуулиар хүлээсэн үүрэг. Гэсэн хэдий ч gazar.mn дээр мэдээлэл 100 хувь байршилгүй өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр энэ мэдээллийн санг нийслэлийн мэдээллийн сантай холбоод энэ сайтад мэдээлж байна гэсэн үг. Харин 2020 оны арван хоёрдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг дүүргийн засаг дарга нарын олгосон мэдээлэлтэй нэгтгээд байршуулахыг зургадугаар сарын 1-нээс өмнө нэмж шийдвэрлэнэ. Дүүргүүдийн удирдлагууд энэхүү ил тод байдалд хойрго хандаж байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга нарын олгосон газрууд, хаана хэн ямар газар эзэмшиж байгаа талаар shilen.gov.mn сайтад нээлттэй болсон. Цахимжилтын үр дүнд шударга байдалд нийгэмд бий болох юм” гэв.