Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар “Европын өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд 5 сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Европын Холбооны гишүүн 27 орны соёл уламжлалаа танилцуулж, үндэсний хоол, амттанаар дайлж, хөгжөөнт тоглоом тоглуулж, урлагийн тоглолт үзүүлсэн юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй 70 орчим аж ахуйн нэгж оролцлоо. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.
Жил бүрийн 5 сарын 9-ний өдрийг “Европын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. 1950 оны 5-р сарын 9-нд тухайн үеийн Францын Гадаад хэргийн сайд Роберт Шуман Парис хотод хэлсэн үгэндээ Нүүрс, гангын үйлдвэрлэлийн нийгэмлэг байгуулахыг санал болгосноор, “Шуманы мэдэгдэл” хэмээх энэхүү санаачилга нь Европын Холбооны эхлэл болсон. Энэхүү өдрийг Европын Холбоо, түүний гишүүн орнууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа төлөөлөгчийн газрууд тэмдэглэн иржээ. Энэхүү “Европын өдөрлөг”-ийн нээлтэд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар оролцлоо.
Гэрэл зургийг Б.Аманда